Түүх

1. Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны  1945 оны 6-р сарын 1-ний өдрийн хамтарсан 34/30-р тогтоолоор  уран сайхны  байгууллагуудын уран бүтээлийн хийгээд удирдах боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн дунд сургуулиуд байгуулах хүрээнд Дүрслэх урлагийн сургууль байгуулагдаж 1945 оны 9-р сарын 1-нд зураач, баримлын 2 ангитай, 19 сурагчтайгаар хичээллэж эхэлсэн юм. Анхны багш захирал нь тэр үеийн Зураг урлалын газрын дарга агсан манай нэрт уран бүтээлч Чойдог байсан бөгөөд мөн нэрт уран бүтээлч Цэвэгжав багшилж байсан ажээ.
Улмаар 1949 онд Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны сургуулиудыг нэгтгэн Театр хөгжмийн сургууль болгон өргөтгөсөн ба чухамхүү энэ үеийн гол онцлог нь сургалтын чанарт уран бүтээлч хандлагыг бий болгосонд оршино. 1962 оноос 1971 он хүртэл Хөгжим бүжгийн сургуулийн дэргэдэх уран зургийн анги нэртэйгээр тус сургуулийн түүх цаашид үргэлжилсэн юм. Энэ үед Б:Амгалан, О.Цэвэгжав, Б.Чогсом нар багшилж байв. Гэвч Улсын статистикийн Төв Газраас явуулсан 1967 оны судалгаанаас үзэхэд бүхэл бүтэн улс даяар ардын гар урлаачдыг оролцуулаад урлахуй ухааны төрлөөр дөнгөж 167 хүн ажиллаж байсны ихэнхи нь мэргэжлийн бус, бас 50 гаруй хувь нь 50-иас дээш насны хүмүүс бүртгэгдсэн байв. Иймээс Төр Засгаас зориуд анхаарч тус сургуулийг өргөжүүлэн хөгжүүлэх арга хэмжээ авчээ.
    2. Тус сургуулийг 1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуулиас тусгаарлан Дүрслэх Урлагийн дунд сургууль (ДУДС) нэртэйгээр дахин  бие даасан сургууль болгож урлахуй ухаанд гоц авьяастай, бүрэн бус дунд боловсролтой хүүхдүүдийг сонгон элсүүлэн урьд байсан бодит зураг, зураасан зургийн мэргэжлийн анги дээр 1971-1972 оны хичээлийн жилд Монгол зураг, арьсан эдлэл, металл урлагийн мэргэжлээр шинэ ангиуд нээж, 5 мэргэжлээр 100 гаруй сурагчидтай хичээллэсэн аж. Тус сургуульд тухайн үеийн нэрт мастерууд Гаваа, Бүдбазар, Дашдэлэг нар багшаар, Д.Амгалан захирлаар ажиллаж байсны зэрэгцээ Төр засгаас зориуд анхаарч Дондог, Пүрэвдорж, Гунгаасүх нарын шинэ залуу боловсон хүчнээр бэхжүүлжээ. Мөн энэ үед Зөвлөлт Холбоот Улсаас (хуучин нэрээр) мэргэжилтэн багш-зураач  Валерия Павловна Самошкина нөхрийн хамт ирж гобелейн,  керамикийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг харуцаж ажиллаж байсан юм. 1972-1973 оны хичээлийн жилээс шинээр нэхмэл-хатгамал, сийлбэр, монументаль ба реклам, керамикийн мэргэжлээр ангиуд дахин нээж нийт 9 төрлийн мэргэжлээр 130 гаруй оюутан сурагчидтай хичээллэх болжээ. Цаашид 1973-1974 оноос тус сургууль улам хөгжин жилдээ 160-185 хүүхдүүд суралцах болж үйл ажиллагаа нь жигдэрчээ. Ингэж манай улсад бүрэн дунд боловсролтой мэргэжлийн жинхэнэ уран бүтээлчдийг орчин үеийн сургалтын арга ажиллагаагаар бэлтгэж эхэлсэн байна. Үүнээс хойш 20 орчим жил үндсэн 10 гаруй мэргэжлээр сургалт явуулан жилд дунджаар 20-50 орчим оюутныг төгсгөн гаргаж байсан нь өнөөгийн манай алдарт мастерууд юм. Энэ үеийн гол онцлог нь эх орны урлагийн нарийн мэргэжлийн боловсрол олгох тогтолцооны суурь болох тус сургууль хөл дээрээ баттай зогсож цаашдын хөгжлийн эх үндсээ буй болгож чадсанд орших бөгөөд Монголын дүрслэх урлагийн хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой үйл явдал болжээ.
    3. Улс нийгэмд үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан Дүрслэх урлагийн дунд сургууль 1992 оноос Дүрслэх Урлагийн Коллеж нэртэй болж дээд (бакалаврын) боловсролтой, нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг эх орондоо бэлтгэх, дүрслэх урлагийн судалгаа шинжилгээний ажлыг шинэ төвшинд гаргах ажлын үндсийг тавих шилжилтийн үе эхэлсэн бөгөөд тус сургууль 1994 оноос СУИС-ийн Урлахуй Ухааны Эрдэм Шинжилгээний төв болж шинээр сэргээн засварлах, хувцас дизайн, архитектур дизайн, тайз дэлгэц, засал чимэглэлийн дизайн, чимэглэх урлаг гэсэн 5 мэргэжлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж эхэлжээ.
Мөн тэнхим нэгжүүд гол анхаарлаа сургалт уран бүтээлд хандуулж байсныг өөрчилж, өөрөөр хэлбэл: өөрсдийн багш нарыг зөвхөн багш-уран бүтээлч байлгах бус багш-уран бүтээлч-судлаач байлгах сонирхол, шаардлагыг буй болгох сэтгэл зүйн уур амьсгал бүрэлдэн тогтож судалгаа шинжилгээний ажлын эхлэл үндсэндээ тавигдан сургуулийн үндсэн зорилгод ч ихээхэн өөрчлөлт орсон байна. Ийм учраас сургууль гол зорилгоо Боловсролын талаархи хууль дүрэмд заагдсанаар ойлгож байсныг зориуд онцгойлон хуульчлан тодорхойлж эхэлсэн аж. Энэ ажлынхаа хүрээнд тус сургууль сургалтын төлөвлөгөө программаа 1990-ээд оноос удаа дараа боловсронгуй болгож, орчин үеийн олон улсын нийтлэг жишигт тохирох сургалт явуулах гол нөхцлийг бүрдүүлэх, арга технологийг ажилдаа нэвтрүүлж эхлэжээ. Энэ үеийн гол онцлог бол тус сургуулийн өөрийн үүрэг зорилгыг эргэн харж шинээр ухаарч ойлгож эхэлсэн процесс юм.
    4. 1996 онд Монгол Улсын Гэгээрлийн Яамны Сайдын 126 тоот тушаалаар СУИС-ийн харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургууль (ДУДэС) болон хөгжиж одоо Сонгодог урлаг, Чимэглэх урлаг гэсэн 2 салбартай, үндсэн 5 тэнхимтэй, жилдээ 420 гаруй оюутан суралцдаг, 61 багш ажилтантай, уран зураг, уран сийлбэр, метал урлаг, баримлын урлал, монгол зураг, арьсан урлаг, чимэглэлийн дизайн, театрын хувцасны дизайн, тайз дэлгэцийн бүтээлийн засал чимэглэл, хувцас дизайн, чимэглэх урлаг, чимэглэх уран зураг, ваар урлал, зураасан зураг, торгон зураг, уран зураг сэргээн засварлах зэрэг 16 мэргэжлээр сургалт эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
    Өнөөгийн байдлаас харахад тус сургууль эх орныхоо боловсролын системд өөрийн байр сууриа нэгэнт олсон, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний томоохон төв болох үндэс суурь нь тавигдаж манай нийгмийн салшгүй хэсэг болсонд түүний хөгжлийн гол онцлог оршино.